Wednesday, November 20, 2013

“Нийтийн санал хураалтын тухай хууль” болон “Нийтийн зар мэдээний хууль”-ийн үзэл баримтлал - хэлэлцүүлэг



2013 оны 11 дүгээр сарын 20-ны 10 цагт Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд Монгол улсын Ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд боловсруулагдаж буй  “Нийтийн санал хураалтын тухай хууль” болон “Нийтийн зар мэдээний хууль”-ийн үзэл баримтлалаар хэлэлцүүлэг явагдлаа.
Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж удирдлага зохион байгуулсан бөгөөд дээрх хуулиудын үзэл баримтлал, нийгэм, улс төр, эрх зүйн шаардлага, үр дагавар, хуулиар зохицуулагдах харилцаа, хамрах хүрээ зэрэг ерөнхий бүтцийг хэлэлцэн, нэгдсэн байр сууринд хүрэх зорилго бүхий нилээд цаг хугацаа шаардсан өргөн далайцтай үйл ажиллагааны эхний арга хэмжээ байлаа. 
Хэлэлцүүлэгт “Шууд ардчилал” хүрээлэнгийн захирал А.Саруул “Нийтийн зар мэдээний хуулийн үзэл баримтлал”, НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Баттүвшин “Нийтийн санал хураалтын тухай хуулийн үзэл баримтлал” сэдвээр тус тус илтгэл тавьж оролцогсдын асуултанд тодорхой хариуллаа.
Монгол улсын Ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд боловсруулах хууль, бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах ажлын хэсэгт орох хүсэлтээ ЕТГ-т ирүүлэн сонгогдсон ажлын хэсгийн төлөөлөл дээрх хуулиудын үзэл баримтлалын талаарх санал бодлоо өөрсдийн байр сууринаас идэвхтэй илэрхийлж байсан бөгөөд тэдний саналыг протоколд бүрэн тэмдэглэн авч хуулийн төсөлд тусгахаа зохион байгуулагчид илэрхийллээ.
Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж хэлэлцүүлэгт амаар болон бичгээр гаргасан санал шүүмжийг нэгтгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олны хүртээл болгон, иргэд олон нийтийн саналыг тусгасны үндсэн дээр дээрх хуулиудын төсөл эцэслэн боловсруулагдаж, энэ оны эцэс гэхэд УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна хэмээн мэдэгдлээ.

No comments:

Post a Comment